УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ

АЛСЫН ХАРАА
Хөгжлийн төслүүдийг оновчтой шийдэл, инженерингийн удирдлагаар хөгжүүлэн, амьдрахад таатай хотыг цогцлооно

ЭРХЭМ ЗОРИЛГО
Нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, төслийн үр өгөөж, уялдааг нэмэгдүүлэн хотын хөгжлийг тууштай дэмжинэ

НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

“Улаанбаатар метро” төслийн цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!
Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны системийг барьж байгуулах тухай шийдвэр 2023 онд Монгол Улсын Засгийн газрын 411 дүгээр тогтоолоор батлагдаж, “Улаанбаатар метро” төслийг 2030 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд метро барих, ашиглах, хот төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлдэг туршлагаар дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын тэргүүлэх инженерийн байгууллагууд, тэр дундаа Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэлтэй хамтран ТЭЗҮ-ийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн шинэчилж дуусгасан. Мөн төслийн суурь бодлогын баримт бичиг болох Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээг туслан гүйцэтгэгч “Inogen Alliance” байгууллагатай хамтран боловсруулж батлууллаа. Ингэснээр “Улаанбаатар метро” төслийн хэрэгжилтийн бэлтгэл цогцоор хангагдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийг үе шаттайгаар зарлан, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх бодит нөхцөл бүрдээд байна.
Метро нь зөвхөн тээврийн дэд бүтцийн шийдэл бус, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах цогц хөгжлийн төсөл юм. Дэлхийн хотуудын хөгжлийн хандлагаас харахад нийтийн тээврийн хүртээмж, чанар нь тухайн хотын соёл, иргэдийн амьдралын хэв маягийг тодорхойлох хэмжүүр болдог бөгөөд “Ядуус нь автомашинаар зорчдог биш, баячууд нь нийтийн тээврийг сонгодог” гэх үзэл баримтлал нь өндөр хөгжилтэй хотуудын нийтлэг жишиг болжээ. Иймд бид хүн төвтэй, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан “Улаанбаатар метро” төслийг тэргүүлэх чиглэлд эрэмбэлж, тээврийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хотын өнгө төрх, орчны чанар, үндэсний онцлогийг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажиллаж байна.
Төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт бүхний цаана үндэсний хүний нөөцийн чадавх бэхжиж, мэдлэг, ур чадвар шинэ шатанд гарч, боловсролын тогтолцоо хөгжиж байдаг. Тиймээс “Улаанбаатар метро” төслийн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс болон БНСУ-д тус бүр хоёр жил суралцах “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Халла их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эхний оюутнуудыг амжилттай сургаж байна. Ингэснээр Монгол инженерүүд олон улсын түвшинд бэлтгэгдэж, дэвшилтэт технологи, стандартыг эх орондоо нутагшуулан, ухаалаг, иргэндээ ээлтэй хотыг цогцлоох үндэс суурь тавигдаж байна.
Тиймээс та бүхэн энэхүү цахим хуудсаар дамжуулан “Улаанбаатар метро” төслийн явц, судалгаа, шийдэл, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй авч, санал бодлоо хуваалцан, төсөлд идэвхтэй оролцоно гэдэгт бид итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: Э.Түвшинжаргал “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Захирал
УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН
МЕНЕЖЕРИЙН /ЗАХИРАЛ/ МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Улаанбаатар хотын хөгжлийн шинэ шатанд чухал хувь нэмэр оруулах “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна. Энэхүү төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих цагийг хэмнэх, агаарын бохирдлыг багасгах, цаашлаад хотын тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой юм.
Бид олон улсын стандарт, дэвшилтэт технологид тулгуурлан, аюулгүй, найдвартай, иргэдэд ээлтэй нийтийн тээврийн шинэ системийг бий болгохоор зорин ажиллаж байна. Төслийн дараагийн үе шатуудад судалгаа, төлөвлөлтийг улам нарийвчлан боловсруулж, бодит хэрэгжилтийг ойртуулахад бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо, дэмжлэг онцгой чухал бөгөөд бидэнд маш том урам зориг өгөх болно.
Ирээдүйн Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе.
Хүндэтгэсэн,
Төслийн менежер /захирал/ Т.Мөнхдалай