Метро төслийн хүрээнд барилга угсралт болон ашиглалтын үе шатанд үүсэх агаарын бохирдол, дуу чимээ, чичиргээний нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын стандартын шаардлагад нийцсэн цогц менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Суурь судалгаагаар төслийн нөлөөллийн бүсэд хүхрийн давхар исэл (SO₂) 11–29 мкг/м³, азотын давхар исэл (NO₂) 28–104 мкг/м³, нийт тоосонцор (TSP) 28–160 мкг/м³ түвшинд байгаа нь Монгол Улсын стандартын дээд хэмжээнээс доогуур боловч зарим үзүүлэлтүүд ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахад өндөр байгааг харуулж байна.
Иймд төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх, бууруулах, хянах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Барилгын ажлын зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болох үүсгэхгүй байх зарчмыг баримтална.
Тухайлбал, эмзэг рецептор бүхий бүсүүд болох орон сууц, сургууль, эмнэлгийн ойролцоо өндөр дуу чимээ, чичиргээ үүсгэх ажлыг аль болох зайлсхийх, шаардлагатай тохиолдолд хугацаа болон технологийн шийдлийг өөрчлөх байдлаар зохицуулна.
Мөн барилгын талбай, материал хадгалах бүс, техник хэрэгслийн хөдөлгөөнийг урьдчилан төлөвлөж, тоосжилт үүсгэх эрсдэлтэй задгай талбайг багасгах, шаардлагагүй давхар хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна.
Агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эх үүсвэрүүдийг (дизель техник, генератор гэх мэт) аль болох багасгах, бага ялгаруулалттай тоног төхөөрөмж ашиглах бодлого баримтална.


Барилгын үе шатанд үүсэх тоосжилт болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Барилгын талбай, зам талбайд тогтмол усалгаа хийж, PM₁₀ болон PM₂.₅ тоосонцрын тархалтыг бууруулна. Материал тээвэрлэх автомашинуудыг бүтээх, дугуй угаах байгууламж ашиглах, шороон замыг хатуу хучилттай болгох зэрэг нь тоосжилтыг мэдэгдэхүйц бууруулна.
Дизель хөдөлгүүртэй техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хянаж, яндангийн хийн ялгаруулалтыг стандартын түвшинд байлгах, шаардлагатай тохиолдолд шүүлтүүр, шинэчлэл хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Мөн агаарын чанарыг бодит цагийн горимоор хянах мониторингийн систем нэвтрүүлж, бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд ойртсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авах зохицуулалт хийгдэнэ.


Суурь судалгаагаар төслийн бүсэд орчны дуу чимээ 59–75 дБА хүрч байгаа нь аль хэдийн өндөр түвшинд байгааг харуулж байна. Иймд барилгын үеийн дуу чимээг нэмэгдүүлэхгүй байх нь чухал зорилт юм.
Дуу чимээ ихтэй ажлыг өдрийн цагт (07:00–19:00) гүйцэтгэх, шөнийн цагаар хязгаарлах бодлого баримтална.
Мөн дуу чимээ үүсгэгч тоног төхөөрөмжид дуу намсгагч, хаалт, акустик хамгаалалт ашиглах, олон шуугиант ажлыг нэг дор давхардуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Дуу чимээний түвшинг LAeq, LAmax үзүүлэлтээр тогтмол хэмжиж, зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдолд тухайн ажлыг зогсоож, шалтгааныг тодорхойлон засварлах арга хэмжээ авна.

Барилгын ажлын явцад үүсэх чичиргээ нь барилга байгууламжийн бүтээц болон иргэдийн тав тухтай шууд холбоотой тул тусгай хяналт шаардлагатай.
Төслийн хүрээнд TBM ажиллагаа, шон суулгалт, нягтруулалт зэрэг ажлаас үүсэх чичиргээг PPV (мм/сек) үзүүлэлтээр хэмжиж, зөвшөөрөгдөх хэмжээнд барих зохицуулалт хийгдэнэ.
Эмзэг бүсүүдэд (орон сууц, сургууль, эмнэлэг) чичиргээний босгыг илүү хатуу тогтоож, шаардлагатай тохиолдолд ажлын хурд, технологийг өөрчлөх, эсвэл ажлыг түр зогсоох хүртэл арга хэмжээ авна.
Мөн барилгын ажлын өмнө ойролцоох барилга байгууламжид урьдчилсан үзлэг хийж, ан цав, гэмтлийн байдлыг бүртгэн, барилгын явцад өөрчлөлт гарсан эсэхийг тогтмол хянах системийг нэвтрүүлнэ.
Төслийн хүрээнд агаарын чанар, дуу чимээ, чичиргээний үзүүлэлтүүдийг тасралтгүй хянах иж бүрэн мониторингийн системийг хэрэгжүүлнэ.
Хяналтын үр дүнд үндэслэн:
-Стандартаас давсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах
-Ажлыг түр зогсоох
-Засвар, сайжруулалт хийх
-Иргэдэд мэдээлэх
зэрэг шаталсан хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Мөн иргэдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх механизмыг (GRM) ажиллуулснаар төслийн ил тод байдал, оролцоог хангана.
Эдгээр арга хэмжээнүүд нь Монгол Улсын хууль, стандартуудаас гадна IFC Performance Standards, Equator Principles IV болон олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсруулагдсан.
Ингэснээр метро төслийг байгаль орчинд ээлтэй, иргэдэд сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.