Хотжилтын эрчимжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотод замын түгжрэл, агаарын бохирдол, бүтээмжийн алдагдал зэрэг олон талт сорилтууд үүсч байна. Ийм нөхцөлд их багтаамжийн нийтийн тээврийн систем нь зөвхөн хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх бус, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн чухал шийдэл болдог
Улаанбаатар Метро төсөл нь зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөр хязгаарлагдахгүй, нийгэм, байгаль орчин, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийг цогцоор нь дэмжих стратегийн ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт юм. Төсөл хэрэгжсэнээр шууд болон шууд бус олон талын үр өгөөж бий болох ба эдгээрийг тоон болон чанарын үзүүлэлтээр дараах байдлаар үнэлэх боломжтой.
2040 оны түвшинд хийсэн тооцооллоор жил бүр тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал (VOC) 347.6 сая ам.доллароор, зорчих хугацааны зардал (VOT) 281.6 сая ам.доллароор тус тус буурах боломжтой байна. Энэ нь авто зам дээр зарцуулах хугацаа мэдэгдэхүйц багасч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, иргэдийн хувьд чөлөөт цаг, амьдралын чанар сайжрах бодит нөхцөлийг бүрдүүлнэ.
Олон улсын туршлагаас харахад, метро болон өндөр багтаамжийн нийтийн тээврийн системүүд нь хотын ДНБ-д шууд болон шууд бус эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, World Bank-ын судалгаагаар тээврийн дэд бүтцийн сайжруулалт нь логистикийн зардлыг бууруулж, бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлснээр хотын эдийн засгийн өсөлтийг дэмждэг бол Asian Development Bank нь ийм төслүүдийг “өндөр өгөөжтэй нийтийн хөрөнгө оруулалт” гэж тодорхойлсон байдаг.
Цаашлаад, метроны хүртээмж нэмэгдэхийн хэрээр хотын аялал жуулчлал, үйлчилгээний салбарууд идэвхжиж, Монгол Улсын эдийн засагт нэмэлт өсөлтийн эх үүсвэр бий болно. Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор улсын төсвийн орлого ч мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна. Судалгаагаар жил бүр нэмэгдсэн эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан ойролцоогоор НӨАТ-ын орлого 117 сая ам.доллароор, үл хөдлөх хөрөнгийн татварын орлого 86.4 сая ам.доллароор, мөн хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын орлого тус бүр 52.3 сая ам.доллароор өсөх боломжтой гэж тооцоолсон байна.
Ийнхүү Улаанбаатар Метро төсөл нь зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх замаар хотын болон улсын эдийн засагт олон талын, урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.
Нүүр зураг @Ch. BatzayaPhotography